Багшийн хөгжлийг дэмжих манлайлал нийгэмлэг (TDLA)-ийн санаачилга дор АНУ-ын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр, Боловсролын ерөнхий газар болон дотоодын 12 их сургууль хамтран зохион байгуулсан “Дээд боловсролын багшийн хөгжлийн төвүүдийн чадавхыг бэхжүүлэх нь” сэдэвт форумд 2026 оны 1-р сарын 23-нд ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургууль (ХХҮДС)-ийг төлөөлөн Багшийн хөгжлийн багийн ахлагч Г.Мөнхцацрал, гишүүд Ц.Минжмаа, Э.Гансүх нар амжилттай оролцлоо.
Форумын хүрээнд дээд боловсролын багшийн хөгжлийн төвүүдийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал, цаашдын хамтын ажиллагаа, хөгжлийн чиг хандлага, сайн туршлага солилцох асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд багшийн хөгжил, манлайллыг дэмжих бодлого, хэрэгжилтийн талаар өргөн хүрээний санал солилцлоо.
Мөн тус форумын үеэр TDLA нь жилийн гишүүдийн хураамжтай байгууллага болох, гишүүнчлэлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, дотоод бүтэц, хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон багшийн хөгжлийг дэмжих хүрээнд хийж буй дотоод ажлуудын талаарх танилцуулгыг оролцогчдод хүргэлээ.
Тус форумыг Боловсролын ерөнхий газар, TDLA, ШУТИС болон бусад дээд боловсролын сургалтын байгууллагууд, АНУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулсан нь дээд боловсролын салбар дахь багшийн хөгжлийн тогтолцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

