“АРГА БИЛЭГ” БОЛОН “IB” КЛУБҮҮД ХАМТРАН ОЮУТНУУДЫН ТАНИЛЦАХ АЯЛАЛ, САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Nyamaa-Odser

ШУТИС-ийн Хүнс, Хөнгөн үйлдвэрлэл, Дизайны сургуулийн Биотехнологи, шим судлалын тэнхимийн “Хүнсний чанар, аюулгүй байдал” хөтөлбөрийн “Арга билэг”, Биотехнологи, Микробиологийн хөтөлбөрийн “IB” оюутны клубууд хамтран 2026 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр нэгдүгээр курсийн оюутнуудыг сургуулийн хамт олонтой танилцуулах, оюутнуудын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор танилцах аялал, сайн дурын хамтарсан үйл ажиллагааг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагааг Хүнсний чанар, аюулгүй байдал хөтөлбөрийн IV курсийн оюутнууд, Арга билэг болон IB  клубууд хамтран зохион байгуулж, тэнхимийн ахлах багш Г.Төрмөнх, Г.Мөнхцацрал нар удирдан чиглүүлж оролцов. Аялалд гурван хөтөлбөрийн I–IV курсийн нийт 45 оюутан хамрагдлаа.

Үйл ажиллагааны хүрээнд оюутнууд хоорондоо танилцаж, багийн тоглоом, хөгжөөнт тэмцээн, хамтын оролцоонд суурилсан арга хэмжээнд идэвхтэй оролцсон бөгөөд сайн дурын хамтын ажиллагаагаар дамжуулан багаар ажиллах, харилцан дэмжих, манлайлах ур чадвараа хөгжүүлэх боломж бүрдсэн юм.

Түүнчлэн ахлах курсийн оюутнууд шинээр элсэн суралцагчидтай туршлага солилцож, сургуулийн орчин, оюутны амьдрал, клубийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохын ач холбогдлыг таниулахад энэхүү арга хэмжээ чухал хувь нэмэр орууллаа.

Энэхүү хамтарсан үйл ажиллагаа нь хөтөлбөр хоорондын оюутнуудын нөхөрлөл, хамтын ажиллагааг өргөжүүлэх, нэгдүгээр курсийн оюутнуудын сургуулийн орчинд дасан зохицох үйл явцыг дэмжих, оюутны санаачилга, сайн дурын оролцоог идэвхжүүлэхэд чиглэсэн үр өгөөжтэй арга хэмжээ боллоо.

Танилцах үйл ажиллагаа

​​​​​​​Хөгжөөнт тоглоомын ялагчид

Цэвэрлэгээний дараа

Биотехнологи, шим судлалын тэнхим