ШУТИС-ийн Хүнс, хөнгөн үйлдвэрлэл, дизайны сургуулийн “Хөнгөн үйлдвэрлэл технологи инженерчлэлийн тэнхим”-ийн “Текстилийн инженерчлэл” хөтөлбөр нь Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-ын дэмжлэгтэйгээр ноос, ноолуурын салбарт залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн ажлын байранд суралцах боломжийг өргөжүүлэх зорилгоор цалинтай үйлдвэрлэлийн дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүллээ.
Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ) ноос, ноолуурын салбарт хэрэгжүүлж буй SCORE хөтөлбөрийн 2026 оны үр дүнг танилцуулж, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын хэлэлцүүлгийг 10 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр ШУТИС-ийн ХХҮДС-ийн Сургалт, чанарын албаны дарга үг хэлж, хөтөлбөрт хамрагдсан оюутнуудын идэвх санаачилга, оролцоог сайшаан, ОУХБ-д Хүнс, Хөнгөн Үйлдвэрлэл, Дизайны сургуулийн нэрэмжит талархлын батламжыг гардууллаа.


Уг хөтөлбөрт Өгөөж Шим, Говь-Эрдэнэ Кашмер, Сайнтүмэн Кашмер, Байгаль Кашмер, Сноуфилдс зэрэг үйлдвэрүүд залуу ажилтнуудад ээлтэй ажлын байр бий болгох, тэдний ур чадвар, оролцоог нэмэгдүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа үр дүнгээ мөн хуваалцсан юм.
Тус хөтөлбөрт бакалаврын 7, магистрын 2 оюутан буюу нийт 9 оюутан хамрагдаж, ноос, ноолуурын үйлдвэрлэлийн байгууллагуудад цалинтай дадлага хийлээ.
Үйлдвэрлэлийн дадлага нь оюутнуудад мэргэжлийн мэдлэгээ бодит ажлын орчинд ашиглах, ажлын байрны туршлага хуримтлуулах, цаашдын хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэгдэх чухал боломж болдгийг харуулж байна.
Текстилийн инженерчлэл багш нар дадлагын хугацаанд дадлагын хэрэгжилтийг хэлэлцэх уулзалтууд зохион байгуулж, оюутнуудын тайланг үе шаттайгаар хянаж, зөвлөн туслах ажлыг хэрэгжүүлсэн. Мөн ноос, ноолуурын салбарт ажиллаж буй 30 залуу ажилтныг хамруулсан судалгаа авч, залуучуудын ажлын байрны туршлага, хөдөлмөр эрхлэлттэй холбоотой мэдээлэл цуглуулсан.
Түүнчлэн дадлагын туршлага, текстилийн салбарын мэргэжлийн онцлог, карьерын боломжийг олон нийтэд таниулах зорилгоор богино видео бичлэгийг нийгмийн сүлжээнд байршуулан, сурталчилсан.



Эдгээр үйл ажиллагаа нь их сургууль, үйлдвэрлэлийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, залуучуудыг салбарын бодит хэрэгцээнд нийцсэн ур чадвартай болгоход чиглэж байна.
Мөн бакалавр, магистрын түвшний оюутнууд өөрсдийн боловсруулсан сүлжих программын тусламжтайгаар урласан дурсгалын зүйлээ гардуулан, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажилласан талуудад талархаж буйгаа илэрхийлсэн юм.
